|
|
|
“Мөрөөдөл таны унтаж байхдаа хардаг зүйл биш. Мөрөөдөл бол таныг унтуулдаггүй тэр зүйл юм." - Кристиано Роналдо |
|
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛ |
|
МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 44,943.25 нэгжид хүрч, 1.26 хувийн өсөлттэй хаагдлаа. Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2024 оны 6 дугаар сарын 25, 7 дугаар сарын 2-ны өдрийн ээлжит хурлаар дараах шийдвэрүүдийг гаргалаа. Бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах; Банкнуудын гадаад валютын заавал байлгах нөөц (ЗБН)-ийн хувь хэмжээг 3 нэгж хувиар бууруулж, 15 хувьд хүргэх; Хэрэглээний зээлийн хувьд мөрдөгдөж буй макро зохистой бодлогын зохицуулалтад дараах өөрчлөлтийг оруулах.
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- АНУ-ын хувьцааны зах зээлийг төлөөлөх индексүүд өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, S&P 500 индекс 1.95 хувь, DJIA индекс 0.66 хувь, NASDAQ Composite индекс 3.50 хувь тус тус өсөлттэй хаагдлаа. АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн гол хоёр үзүүлэлт болох 6-р сарын эдийн засагт шинээр нэмэгдсэн ажлын байрны тоо болон ажилгүйдлийн түвшний мэдээлэл өнгөрөгч 7 хоногт мэдээлэгдлээ. 6-р сард АНУ-ын эдийн засагт 206,000 ажлын байр шинээр нэмэгдсэн нь Валл Стрийтийн дийлэнх шинжээчдийн хүлээлтийг давсан үзүүлэлт боллоо. Шинжээчдийн таамгийн эвдсэнийг эс тооцвол тус үзүүлэлт нь сүүлийн саруудад бууралттай байгаа юм. АНУ-ын 6-р сарын ажилгүйдлийн түвшин сарын өмнөх үеэс 0.1 хувиар өсөж 4.1 хувьд хүрлээ.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ
- Их Британийн бүх нийтийн сонгуульд Хөдөлмөрийн нам (Labour Party) олонхын санал авч ялалт байгууллаа. Хөдөлмөрийн нам ялснаар Их Британийн Сангийн сайдаар Рэйчел Ривз томилогдох буюу анхны эмэгтэй Сангийн сайдтай болох магадлал өндөр байна. Евро бүсийн хувьцааны зах зээлийг төлөөлөх голлох индексүүд өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, STOXX Europe 600 индекс 1.01 хувь, FTSE 100 индекс 0.49 хувийн тус тус өсөлттэй хаагдлаа. Европын төв банкны ерөнхийлөгч Кристин Лагард "Инфляцын түвшний ирээдүйн төлөв, цалингийн үнийн өсөлт, хөдөлмөрийн зах зээлийн бүтээмжийн болон эдийн засаг нийлүүлэлтийн хүлээлт зэрэг хэд хэдэн чухал үзүүлэлтүүдэд тодорхойгүй хэвээр байна." хэмээн өнгөрөгч 7 хоногт Португал улсад болсон уулзалтын үеэр онцоллоо.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Япон улсын иений ханш суларсаар байгаа нь экспортын дүн болон тус улсын экспортоор орлого олдог томоохон компаниудын ашигт ажиллагааг нэмэгдүүлж байгаа билээ. Үүний нөлөөгөөр тус улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Nikkei 225 индекс 3.36 хувь, TOPIX индекс 2.65 хувийн тус тус өсөлт үзүүлж бүх цаг үеийн дээд түвшнийгээ шинэчиллээ. Япон улсын 2024 оны 1-р улирлын Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт шинэчилсэн мэдээллээр 2.9 хувь агшсан үзүүлэлттэй гарлаа. Тус улсын 1-р улирлын анхны тооцоолол болох 1.8 хувь агшсан үзүүлэлттэй харьцуулахад шинэчилсэн тооцоолол огцом буурсан үзүүлэлт болж байна.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- БНХАУ-ын аж үйлдвэрлэлийн салбарын үзүүлэлтүүд сөрөг гарч буй нь эдийн засгийн өсөлт удааширч болзошгүй байгаа дохиог зах зээлд өглөө. Энэ нь хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад өнгөрөгч 7 хоногт сөргөөр нөлөөллөө. Тодруулбал, Shanghai Composite индекс 0.59 хувь, CSI 300 индекс 0.88 хувь тус тус бууралттай хаагдлаа.
|
Дэлгэрэнгүй |
|
БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ |
|
ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ
- АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж 4.29 %хувьд хүрч буурлаа. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.)
- Япон улсын 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж 1.1 хувьд хүрч өслөө. Энэ нь 2011 оноос хойших хамгийн дээд үзүүлэлт болж байна.
- Монгол улсын Засгийн газраас арилжаалсан эрсдэл бага ам.долларын бондуудын эзэмших хугацааны 1 жилийн өгөөж дуусах хугацаанаасаа хамаарч ам.долларын 6.77 хувиас 7.31 хувийн хооронд байна.
Монголын ипотекийн корпорацийн (Moody's B3, S&P B-, Composite B- ) бондын өгөөж 12.20 хувь, MMC буюу Mongolian Mining Corporation-ийн ам.долларын бонд нь 8.97 хувийн өгөөжтэй арилжаалагдаж байна. Мөн Голомт Банк ХК-ийн бонд 10.81 хувийн өгөөжтэй арилжаалагдаж байна
Мөн харилцагч та АНУ-ын Засгийн газрын бондод хөрөнгө оруулах боломжтой.
|
Дэлгэрэнгүй |
|
|
|
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН МЭДЭЭ |
|
"БОГД БАНК" ХК 2024 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА 2024.07.02
"Богд Банк" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2024 оны 07-р сарын 02-ны өдрийн 24/89 тоот тогтоолоор компанийн 2024 оны эхний хагас жилийн санхүүгийн урьдчилсан байдлаарх татварын дараах цэвэр ашгийн 25 хувь болох 3,752,801,206.64 төгрөгийг нэгж хувьцаанд 3.00 төгрөгөөр тооцон ногдол ашиг болгон мөнгөн хэлбэрээр хуваарилахаар болсон байна.
Дэлгэрэнгүй |
|
"ГРАНД СИСТЕМС" ХХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ 2024.07.02
Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1/2401 тоот албан бичгийн дагуу “Гранд системс” ХХК-ийн нийтэд санал болгон гаргасан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс тус компанийн хоёрдогч зах зээлийн арилжаа LOT үсгэн кодтойгоор эхлүүллээ.
Дэлгэрэнгүй |
|
ЭДИЙН ЗАСГИЙН МЭДЭЭ |
|
2024 оны эхний хагаст тээвэрлэсэн нийт ачаа 2022 оны бүтэн жилийн үзүүлэлтээс давлаа 2024.07.05
Зам тээврийн салбар 2024 оны эхний хагас жилд 62.3 сая тонн ачаа тээвэрлэсэн нь 2022 оны нийт тээвэрлэлтээс давсан үзүүлэлт болсныг Зам, Тээврийн хөгжлийн яам мэдээллээ.
Дэлгэрэнгүй |
|
Төлбөрийн тэнцэл $351.44 саяын ашигтай байгаа ч оны эхнээс тооцсон дүнгээр $150 саяар буурчээ 2024.07.01
Төлбөрийн тэнцэл тавдугаар сард урьдчилсан үзүүлэлтээр 179.5 сая ам.долларын ашигтай гарсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан дүн боллоо. Хэдийгээр оны эхнээс төлбөрийн тэнцэл 351.44 сая ам.долларын ашигтай байгаа ч өмнөх оны мөн үеийн түвшнээс 150 орчим сая ам.доллароор буурсан байна.
Дэлгэрэнгүй |
|
|
|